maylo
2013-3-6
Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
 Зүрчидийн алтан улс нь 50 орчим сая хүнтэй, 50 орчим түм цэрэгтэй (12 нь морин, 38 нь явган) Сүн, Кидан, Монгол, Солонгос зэрэг вассал улсаар хүрээлэгдсэн хүчирхэг гүрэн байв. Киданы дор байгаад Сүнтэй нийлж унагасан Монгол Алтан улс (1125-1234) 1135-1147 дайны эхэн үе 1162-1189 дайны дараахи үе. Энэ үед Сүн, Кидан улсууд босож Монгол улс хүчирхэгжиж Алтан улс дотоодын самуун ихтэй байжээ. 1208 оноос Чингис Алтан улсад барих алба зогсоов. Алтан улстай байлдах улс төрийн шалтгаан нь • Алтан улс Татаруудаардамжуулан Монгол овог аймгийн дунд яс хаясаар ирсэн • Монгол хаадын итгэлийг удаа дараа хөсөрдүүлсэн • Монголын тусгаар тогтнолыг үл хүлээн зөвшөөрч элчийг хөөсөн • Жил бүр 1000 лан алт өргөдөг Хар Киданыг Хүчүлүг ноёрхосноос худалдааны зам хаагдсан учраас эдийн засгийн чөлөөт байдлаа хангах • Өвгөдийн өшөө авах. (Амбагай, Охинбархаг, Есүхэй) • Хэл соёл нэгт Онгуд, Кидан нарыг зүрчидээс чөлөөлөх • 1211-1216 - Чингис хаан дайлсан нь • 1217-1223 - Мухулай дайлсан нь • 1223-1229 – Бор жанжны стратегийн хориглолт ба Чингисийн сүүлчийн оролдлого. • 1230-1234 – Өгөдэй хаан дайлсан нь 1211 онд Үнэгэн давааны, 1213 онд Цавчаал боомтын, 1232 онд Саньфиньшань ууланд Алтан улсын тус бүр 10-15 түм цэргийг цохисон нь зүүн фронтын цэрэг улс төрийн байдалд ялалт авчирсан. Кидан, Тангуд (1211 оноос Чингисийн шахалтаар дайнд орсон), Солонгос, Сүн улстай хамтарч чадсан. Алтан улс дотоодын зөрчил их, хөрш орнууддаа харгис ханддаг, морин цэрэг дутмаг, байгалийн саад бэрхшээлдээ хэт эрдсэнээс болж ялагдал хүлээсэн байна. Тангуд ---982 онд байгуулагдсан. Хойгуураа И.М.У (500 км), зүүнээрээ Алтан улс (1400 км), урдуураа Түвд, баруунаараа Уйгур улстай хиллэдэг, 500 мянган цэрэг гаргах чадвартай хүчирхэг гүрэн байв. Тангудыг дайлах санаа 1203 онд Сэнгүм тийш зугтан гарах үед төрсөн байна. Энэ үед монгол улс 1 сая хүн 105000 цэрэгтэй байв. 1205, 1207, 1209 онуудад буулган авах, мөн Алтан улсын эсрэг дайнд баруун гар болгох зорилгоор дайн хийсэн (1218, 1221 онд баруун гарынх нь үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор) (1226-1227 онд мөхөөх зорилгоор тус тус дайлаар мордсон байна.) Сүн улс, Зүрчид нарын хамтарсан хүчинд цохигдон нутагт нь Зүрчидийн Алтан улс байгуулагдахад Киданчууд илт дургүй байгааг Чингис хаан мэдэж тэдэнд туслан, улмаар тэднийг Алтан улс, Солонгос, Сүн улсын харьцааг таслах зүүн гар болгохыг зорьжээ. Солонгос улсын хувьд 1. Монгол Солонгос найрсаг байх үе. 1218-1225 2. Харилцаагүй үе. 1225-1231 3. Монгол Солонгосын дайн. 1231-1254 4. Юань гүрний вассал 1260-1368 он - Элчийг алсан, алба барихаа больсон мөн Алтан улсын зүүн хэсэг рүү давшихын тулд Ляодун болоод Солонгосыг барих хэрэгтэй болсон шалтгаанаар довтолсон байна.

Дали 937-1233 нь Cычуань мужийн баруун өмнөд хэсэг, Юньнань муж бүгд. Юньнань мужаар далайд гарч Сүн улсыг боймлохын тулд Мөнх хаан 1252 онд Далийг дайлахыг Хубилайд тушаажээ. Монголчууд эв зүйгээр учраа олж, хүч хавсран Сүнтэй байлдахыг зорьсон учраас иргэдийг нь алсангүй харин элчийг нь алсан зарим эздийг нь алж заримыг нь өршөөжээ. Хөх нуур, хатан голын эхээр нутаглах Төвд /МЭӨ-Ү/ хүчирхэг байгаад 10-13-р зууны үед сүм хийдийн эзэмшилд хуваагдаж, 1207 онд 300 элч монголд зарж зарим хэсэг нь дагаар оров. Гэвч Чиггисийг нас барангуут алба барихаа больсон учир монголын цэрэг 1240-1254 онд довтлон эзэлж 1260 онд вассал болжээ. Монголыг шашнаар, мөн Төвдийг шашнаар барих гэсэн 2 улсын сонирхол давхацжээ. Өмнөд Сүн /960/. Алтан улсад цохигдож нийслэл Нанжинаа 1126 онд алдаад гутамшигт найрамдал байгуулж өөрсдийгөө өмнөд Сүн улс /1127-1279/ гэж нэрлэжээ. Вьетнам, Төвд, Дали, Алтан, Тангуд улстай хиллэх ба 1214 оноос Алтан улсад алба барихаа больжээ. 60 сая хүнтэй 60 түм цэрэг гаргах чадвартай ч цэргийн эрдэм муу байв. Дотоодын үймээн ихтэй, Алтан, Тангуд зэрэг улсад алба барьдаг байв.Сүн улс зам гуйхаар очсон Тулуйн элчийг алж /1231/, Өгөдэйн хүнс гуйхаар очсон элчийг алж, хуучин өөрийнх нь байгаад Алтан улсынх болсон Кайфин, Хэнань, Шунтям хотуудаа монголоос авахаар довтолж 1221 оныхоо гэрээг зөрчжээ. • Өгөдэй хаан дайлсан /1235-1237 он/ •Мөнх хаан дайлсан /1252-1257 он/ • Хубилай хаан дайлсан /1273-1279 он/ Өгөдэйн үед монголын хил Каспийн тэнгисээс Хатан голд тулжээ. Гэвч баруун зүгт Румын, Кипчак түгшүүр төрүүлж байхад 1235 онд Өгөдэй хурилдай зарлаж Солонгос, Сүн улсыг дайлах болжээ. Мөн Бат, Сүбээдэйг Европт, Чурмаганы цэргийг Перс рүү давшуулснаар Монголчууд Каспийн тэнгис, Хар тэнгисийн заагаас Пхеньян Кайфины зааг хүртэл хоорондоо 7000 гаруй км зайд 2 чиглэлд фронт нээжээ. Сүн улсын фронтод залуухан туршлага багатай шинэ цэргүүдийг илгээж 3 хуваан жилийн зайтай явуулсан, дайснаа дутуу үнэлсэн олон фронтод зэрэг тулалдсан зэргээс болж хүч нь тарамдаж эцэстээ давших биш хориглох төдий болжээ. Мөнхийн үед Кавказ, Румын, Киликийн, Армяныг эзэлж Төв, Дундад, Бага Ази, Европыг холбосон худалдааны зам нээгджээ. Мөн Хипчак Булгар, Орос, 1242 онд Польш, Мажар, Морави, Словак, Болгар, Сербийг эзлэн Адриатын тэнгист тулаад Өгөөдэйг нас барснаар цэргээ Ижил мөрөн рүү ухраагаад байлаа. Мөнх Хүлэгүг Перс явуулаад Хубилайтай цуг Сүн улс руу дайлахаар бэлдэв. Сүбээдэйн хүү Урианхайдай 1254 онд Төвдийг, 1255 онд Далийг, 1258 онд Вьетнамыг эзэлж, мөн онд Солонгосын ванг буулгаснаар Сүн улсыг далайд шахан боймлох бодлого хэрэгжив. Ийнхүү Сычуань мужийн цэрэг эдийн засгийн тусламж Вьетнамаас авах албыг нь Сүнгээс салгаж нутгийн баруун хэсгийг нь хурааж, давагдашгүй гэж бодож байсан Хөх мөрнийг нь гаталж нийслэлд нь 600 км тулж очив. Мөнх нас барсан ч Хубилай үргэлжлүүлэн, хүнс тэжээлд анхаарал хандуулж, эзлэгдэгсэдийг нигүүлсэн өршөөх замаар татах болов. Дотоод хэргээ цэгцэлсний дараа 1267 онд Хубилай Сүн улсыг довтлох болов. Эхлээд Урианхайдайн ач Ачуг илгээн тагнуулав. 1265 онд усан цэрэгтэй болох зарлиг буулгав. Мөн Солонгос, Вьетнамыг цэргээ бэлэн байлгахыг тушаасан нь Сүн улсыг 2 талаас нь цохих бодлого байв. Солонгосоор дамжуулан Японтой харьцаж Сүнтэй эвсэхгүй байлгахыг эрмэлзэв. Сүн улс дотроо самуунтай, арми нь идэвхигүй зөвхөн өргөн уудам нутаг, Хуэнхэ, Ханьшуй гол, Хөх мөрөн, Сычуаны өндөр уулс, халуун чийглэг уур амьсгал, их хүн ам, үйлдвэрлэл, усан замдаа л найдаж байв. •1268 оны 10-р сараас 1273 оны 3-р сар хүртэл дайны бэлтгэл хангаж Фаньчан, Саньян хотыг эзлэв. • 1274. Хөх мөрнийг гатлав. • 1275. Хөх мөрнийг уруудаж дайсныг цэвэрлэв. • 1275-1276 он 3-р сард нийслэл хот Ханчжоуг эзлэв. • 1276 оны 3-р сараас-1279 оны 2-р сард Сүн улсыг мөхөөв. Сүн улс нь сайд Цзя Сыдаогийн болчимгүй үйлдлүүд, Тангуд, Зүрчидтэй хэлээ ололцоогүй, 1259 онд Хубилайтай байгуулсан гэрээгээ зөрчиж элчийг алсан, Өгөөдэй, Гүюгийн цэргийн сааралтыг ашиглаагүй, Хөх мөрнөө хаалт болохоос зам болно гэж бодоогүй зэргээсээ болж ялагджээ. Монголчууд улс төр, цэргийн бодлогыг зөв хослуулж, хятад иргэдийг дээрээс нь доош шан харамж, хайр ивээл, ятгалгаар татаж байв. 43 жил үргэлжилсэн энэ дайны мөхөөх хэсэг нь ердөө 2-3 жил байгаа нь жанжин Баяны хотыг зөв оновчтой бүсэлдэг, алгуурлалгүй давшдаг, мөн усан, хуурай, морьт, явган цэрэг, инженер, их бууны ангийг сайн зохицуулсанд оршино. Сүнг мөхөөснөөр 907 онд Тан сөнөснөөс хойш хагаралтай байсан хятад үндэстэнг нэгтгэж суурин иргэншлийг нүүдэлчид жолоодож, Юан гүрэн гадаадад аюулгүй болж усан замын сүлжээнд холбогдож чаджээ. Мөн олон ай, төрлийн цэргүүдийг удирдах арга туршлага хуримтлагдаж Баян, Алихай, Агу, Урианхдай зэрэг жанжид төрөв. 12-р зуун гэхэд Япон нь дотроо хааны, сёгуны /цэргийн жанжин, самурай/ гэсэн 2 засагтай гадаад ертөнцөөс хол, газарзүйн давуу байдлаараа гадны аюулгүй ,хятадтай эртнээс сайн харьцаатай байв. Сүн улсыг хамтарч цохих, дор хаяж л эвсүүлэхгүй байлгах бодлого баримтлахын тулд Хубилай хаан 1266-1273 онд 6 удаа элч зарсан ч хариу аваагүй байна. Эхэн үедээ элчдийг Солонгосын ван жаахан саатуулж, усан онгоц үйлдвэрлэлээ удаашруулж байсан нь өөрийн нутагт дайн болохоос эмээн сэргийлж байв. Гэвч мөнхийн дайснаа даруулах зорилго, Хубилайн чанд шахалтан дор гар нь хөнгөрч төдөлгүй 1000 усан онгоц 1 түм цэрэг гаргаж өгснөөр, 1273 онд 2,5 түм цэрэг 900 онгоц Япон руу дайрчээ. Энэ цөөхөн цэрэг Сүн, Японы хоорондох замыг хааж, Сүн улсын ард гарснаараа сэтгэл зүйн цохилт өгөх, Сүн улс Япон руу дүрвэх замыг хаах , Японыг тагнах зорилготой байв. Японд монгол элч анх ирснээс хойш цэрэг татан сургуулилж, онгоц сэлбэж, дайнд бэлдэж эхэлсэн байна. Тэдэнд гарч тулалдах хүч байхгүй зөвхөн эрэг орчмоороо хориглон тулалдах зорилго тавьж байлаа. 1274-1278, 1281 онд Япон руу довтлов. Эхний тулаан нь 1274 оны 10-р сарын 5-нд эхэлж байлдаад Лю Фүсян хятад жанжин /1,5 түм/ шархдаж, их жанжин Шиндүү мөн оны 10-р сарын 20-нд цэргээ ухраах зарлиг буулгаж усан онгоц руугаа татсан. Нэг шөнө далайн шуурга дэгдэж 200 онгоц 1,3 түм цэрэг живэв. Гэвч үлдэгдэл цэрэг нь Солонгосын хоолойд очиж японтой байлдаж Сүн улсыг мөхтөл Японтой байлдах үүргээ биелүүлжээ. Энэ хооронд Хубилай олонтоо элч зарж, бууж өгөхийг шаардаж, 1278 онд Японыг муж гэж зарласан нь дайн зарласан хэрэг болов. 1279 оны өвөл “эвээр зэрэгцэн оршъё” гэсэн Юаны элч, ёслолын сайдыг Япон алснаар Хубилай дайнд бэлдэж үүнийг нь Солонгос ван дэмжин нийлж 4400 онгоц, 11 түм цэрэг, 1,5 түм сэлүүрч хөдөлсөн нь тухайн үеийн хамгийн том флот гэгддэг. Япончууд ч Хаката Байн дэргэд эрэг дагуу 20 км урт, 2,5 метр өндөр хэрмийг 7 жилд босгожээ. Япончууд ч энэ дайн бэлтгэл сайтай байв. Өмнөх тулаанд орсон Шинду, Фан Вэньху, Хөх Тагу, Ким Пипён жанжид зүүн баруун 2 гар болж тулалдав. Гэвч эдгээр жанжид хоорондоо зөрчилтэй байснаар олигтой үр дүнд хүрсэнгүй. 1281 оны 8-р сарын 1-нд Такасима орчим шуурга дэгдэж монгол цэрэг үй олноор үхэв. Зарим нь амьд гарч хориглож байлдсан ч бүслэлтэд орж бууж өгчээ. Хубилайн 2 оролдлого ингэж бүтэлгүйтсэн ч 1283 онд дахин дайрах зарлиг гаргаж байв. Гэвч 1280-аад оны дундуур Хайду Хархорумд цэрэглэж, хятадууд бослого гаргасан /1283 онд 200 гаруй газар/, мөн Япон хэт хол, очиход бэрх зэрэг шалтгаанаар 1286 онд дайныг эцэслэжээ. Сүн улсыг мөхөөсний дараа Ява, Суматра арал, Малайн хойгт хүрэх замын түшиц болсон Чампад Хубилай элч илгээж алба барихыг шаарджээ. Эхэн үедээ зөвшөөрсөн ч сүүлдээ муж болохоос татгалзсанд Хубилай Сод жанжин тэргүүт цэрэг хөдөлгөж, энэ цэрэгт зам өгөөгүй Аннамыг бас дайлж эхэлжээ. Эцэст нь 1285 онд хэлбэрийн вассал болохоо Чампа илэрхийлжээ. Мөн 1278 онд Камбожид элч илгээж алба барихыг шаардахад эсэргүүцэж элчийг алсан Камбожийг /хойд хэсгийг нь Чампа хаана гэж иггэсэн/ 1285 онд буулгажээ. Вьетнам нь 4,5 сая хүн амтай, усан флоттой Сүнгийн вассал орон байв. Монголчууд Сүнг тойрох зам гуйж анх 1257 оны 9-р сард энд иржээ. Вьетнамд 1257-1258, 1284, 1286-1287 онуудад довтолжээ. Эхний удаад Сүнгийн вассалаас нь салгах, зам авах, Сүнг хамтарч цохихоор элч илгээхэд түүнийг хороосон учраас дайтаж ялаад Мөнх хаанд алба бариулах болов. Гэвч 1277 онд Чан Нян Тонг хаан ширээнд сууснаар Бээжинд очихоос татгалзан улмаар Хятадын замаа хааж Чампа улстай сүлбэлдэж Чампа руу нэвтрэх замаа тавьж өгсөнгүй. Тогоон жанжин 1284 онд 3 замаар их тулаан хийсэн боловч намаг их халуун зэргээс болж цэргээ авран ухрахаас өөр аргагүй болжээ. 1287 онд Хубилай Японыг орхисны дараа бүх хүчээ ийш нь төвлөрүүлэв. Гэвч Чампа улстай сүлбэлдсэн, ван Чан Нян Тонг нь зөв удирдаж мөн ард түмэн нь вандаа үнэнч байснаас Юаний цэрэг ихээхэн хохирол амсч байж вассал болгожээ. Зуны халуун, халдварт өвчин, хүнсний гачигдал /иргэд нь дүрвэхээрээ хүнсээ аваад явдаг/, туршлагагүй хятад цэргүүд, санаачлагыг гартаа авч чадаагүй зэрэг шалтгаанаар Юань улс их хохирол амсжээ. Паган /Бирм/ нь дотроо монууд, араканууд, пьючүүдээс бүрдсэн холбооны улс байсан бөгөөд нэг сая орчим хүнтэй феодалуудын зөрчил ихтэй орон байв. Сүнг мөхөөх гол түшиц болсоН Юньнань мужийг найдвартай байлгахын тулд хөршүүдтэй нь найрсаг байхыг Хубилай хичээж ийш нь элч зарсан ч түүнийг нь алж улмаар тэр хавийн Юаний эзэмшилд халдах болсноор дайн үүсчээ. Ингээд 1277 онд Юньнань цэргүүд 2 удаа тандалт хийж 1283 онд ганц цохилтоор 800 заан, 1,2 түм цэрэгтэй армийг нь цөөхөн морьтон цэрэг шугуйд шургах аргаар даржээ. Энэ үеэс Хубилай заан өсгөх болжээ. Тайланд- Тай нар 1238 онд Паган, Камбожи улсуудын дайнаар далимдуулан Камбожоос тусгаарлаж Сукотай хотоо байгуулжээ. Тай нарыг дэмжих нь тус хойгийг авахад дөхөмтэй гээд Хубилай 1282 онд анхны элчээ илгээж холбоо тогтоохыг хүслээ. Гэвч ван нь хариу өгсөнгүй, харин ч 1283 онд монголчууд Паганыг эзэлмэгц монголын эсрэг босч эхлэв. 1292 онд Паганын зарим хот руу довтолсонд харъяат газар халдав хэмээн Хубилай үзээд буулган авчээ. Сингасарын эзэнт улс /Ява арал/ 1222 онд байгуулагдсан Малайн хойгийг эзэмшдэг учир өрнө, дорнын худалдаа соёл чухам энд л хөгжиж байв. Иймээс Хубилай энэ газрыг сонирхож 1279-1281 онуудад 3 удаа элч илгээсэн ч хариу авсангүй. Уйгагүй хичээсний эцэст 1286 оноос алба авах болсон ч Япон, Аннамд Хубилайн бүтэлгүйтсэнийг сонсоод Явагийн ван алба барихаа болжээ. Гэвч Хубилай дотоодын самууныг нь ашиглан номхотгож чаджээ. 1293 оны 5-р сарын 31-нд Юаний цэрэг Яваг орхисон нь тив алгассан урьд байгаагүй их аян дайны төгсгөл болжээ. Дундад бага азид дайлан дагуулсан нь Одоогийн Шинжаан-Уйгур, Зүүнгар, Киргиз, Казакстаны зүүн хэсэгт Тарвагатайгаас Кашгар, Хамигаас Чүй голбын завсар Хар Кидан оршиж Хипчак, Их монгол, Тангуд, Хорезмтой хиллэж байв. 1 сая орчим хүн, 3 түм цэрэгтэй, төмөрлөгийн үйлдвэр хөгжсөн орон байв. Гүр хаан нь Хүчүлүгийг дэргэд байлган эцэст нь өөрөө алагдаж, 1211 онд Хүчүлүг төрийн эрхийг гартаа булааж, Сартуултай холбоо тогтоогоод Монголын вассал Харлугт довтолсонд Чингис цохихоор шийджээ. Их Монгол улс байгуулагдмагц, мэргид, Найманы ихэнх нь зугтаж гарсан. Баруун хилээ төвшитгөхөөр Хар Киданд Зэв, Хубилай, Ойн иргэд рүү Зүчийг явуулав. Эдгээрээс заримыг нь буулган аваад 1215 онд дахин Борохулыг түмэд, зүчийг ойн иргэд, Сүбэдэйг Худу, Чулуун нарыг нэхүүлэхээр, Зэвийг Хүчүлүгийг дайлуулахаар явуулж, 1217 онд эхний 3 жигүүр цэрэг ялалт авчрав. Зэв Хар Киданд ороод энгийн ардыг энэрэх, ятгах аргаар цэргийн гарз бага гарган буулгаж авчээ. Энэ нь Хүчүлүг лалын шашинтныг хавчин айл бүрт цэргээ суулгасантай холбоотой. Энэ бүх аяны эцэст Монгол улс Сартуултай хиллэж 10 түм цэрэг гаргах чадвартай Хар Киданыг мөхөөж Ойрад, Түмэд, Тува, Киргиз, Уйгур, Харлуг зэрэг аймгуудын цэрэг, эдийн засгийн хүчийг ар тал болгон ашиглаж, лалын ертөнцөд Мухаммед шахаас илүү итгэл хүлээлээ. 13-р зууны эхэн гэхэд Хорезмийн шах Мухаммед одоогийн Казакстан, Киргизийн баруун өмнөд хэсэг, Ираны хагас, УзбекстанТуркмен, Таджик, Афганы нутгийг хамарсан, өрнөөс дорно, оросоос энэтхэгийг худалдааны зангилаа, эртний соёлт хагас суурьшмал орон байв. Эх Туракина Ургенчид, өөрөө Самаркандад тус бүр засагласан, тариачид нь татвараас залхсан, Дундад азийн Хүчүлүг, Бага азийн Халифтай эв эвдэрсэн орон байв. 20 сая хүн 20 түм цэрэг Амударья, Сырдаръя мөрөн Тяньшань уул, Кызыл-Кумын цөл зэрэг байгалийн саадтай. Мухаммед худалдааны замын нөгөө үзүүр дэх хятадыг эзлэх зорилготой байхад Чингис түрүүлж эзэлсэнд гайхаж элч худалдаачин илгээжээ. Энэ элчээр Чингис хаан өөрийгөө дорнын, шахыг өрнийн эзэн гээд эв найртайгаар худалдаа хийхийг санал болгож бэлэг хүргүүлжээ. Тэр үүнийг зөвшөөрч Чингис 450 мусульман явуулсныг 1218 он Отрар хотын Иналчуг шахыг шахамдуулан хороожээ. Гэвч Чингис хаан тэвчиж дахин элч зарсанд доромжлон буцаасан байна. Ийнхүү Чингисийн өшөө хорсол, мөн худалдааны замыг авах гэсэн сонирхол нь давхцан дайнд бэлдэж эхэлжээ. Ингээд 1219 оны 4-р сард Чингис гол хүчээ аван Алтайг даван Эрчист очиж зусжээ. Нийт 12-15 түмэн цэрэг байсан гэдэг. Монголчууд Хар Киданаас очсон Зэвийн цэргийг Ферганаас давшуулж, гол чиглэлээ нуухын зэрэгцээ Сартуулын гол хүчийг тийш татаж, гол цохилтыг Кызыл-Кумын цөлөөс хийх, гол бэхлэлт байгаа Самаркандад Зэв, Цагаадай, Чингисийн 3 арми нийлэх бодлого барьжээ. Дайн: • Дундуа Азид дайлсан нь //1219-1221 • Өмнөд Азид дайлсан нь /1221/ • Желал Аддиныг сөнөөж, Чурмаганы цэрэг Персэд цөмөрсөн нь /1231/ 1220 онд Отрарыг Өгөөдэй, Цагаадай, мөн ондоо бүх цэргийн хүчээр Самаркандыг, 1221 онд Ургенчийг эзлэв. 1220 олнд Мухаммед султан Каспийн зүүн булангийн Мазандеран аралд уушигны хатгалгаар, эх Туракина нь 1233 онд монголд өөд болов. Ингэж Дундад азид хийсэн дайн дуусав. Сартуулын үлдэгдэл Желал Аддины мөрөөр Иран, Афган, Пакистан руу цөмөрч өмнөд азид дайтав. 1225 онд Чингис хаан нутагтаа ирэв. Энэ нь Тангудаас Алтан улстай хийсэн дайнаа зогсоож, Тангуд тэрсэлсэн, Мухулай Алтан улсын давшилт хориглолт орсон, Желал Аддиныг эс тооцвол Сартуул улс бүрэн мөхсөн зэрэгтэй холбоотой. Сартуулд 2 засаглал тогтсон. Мухаммед нь лалынхны дунд нэрээ алдсан, монголчуудыг хотод байлдаж чадахгүй гэж эндүүрсэн, армиа тарааж байрлуулсан, нийслэлээ орхин зугтсан зэрэг ялагдлын шалтгаан байна. Энэ дайны үрээр монголчууд газар нутгаа тэлж, Алтан улсыг дайлахад ар талаа бэхжүүлж, худалдааны зангилааг гартаа авч чадав. Мөн 5000-6000 метр өндөр уулаар аялж 600 км өргөн цөлийг гаталсан нь хүний түүхэнд гараагүй юм. Ургенчийг автуулах гэж Амударъягийн голдрилыг өөрчилснөөр 16-р зуун хүртэл энэ мөрөн Аралд биш Каспид цутгаж байжээ. Бага Ази бол 3 тивийг холбосон уулзвар эдийн засаг,цэрэг, стратегийн чухал орон зай байв. Энд ноёрхлоо тогтоосноор цааш Перс рүү дайтах нөхцөл бүрдэх байв. Иймээс Кавказ дахь Гүрж түүний вассал Армянийг 1221-1245 онд 3 удаагийн довтолгооноор, 1242-1243 онд Румыг тус тус нэгтгэсэн байна. Перс оронд Желал Аддиныг мөшгөн ирсэн монголчууд энэ оронтой анх танилцжээ. Персэд довтлох нь Хорезмын үлдэгдлийг устгах, лалын ертөнцөд байр сууриа бататгах Бага, Дундад Ази, Европ Энэтхэгийн худалдааны замыг эзэмших явдал байлаа. Ингээд 1220 онд Зэв, Сүбээдэй нар Эльбрусын нурууны зарим хэсгийг • 1231 онд Чурмаган Өмнөд Азебайжаныг • 1253 онд Хэтбуха Кукистаныг • 1256 онд Хүлэг бүх Персийг дагуулжээ. Хүлэг жанжин цэрэг, дипломатын аргыг хослуулан, эсвэл Чурмаган, Бачу нар Армян, Гүржид хэрэгжүүлсний нэгэн адил гол гол төвүүдийг нь олон замын цэргээр зэрэг цохих зорилготой байв. Үүний эсрэг Ираны Хур шах Зэв, Сүбээдэй, Чурмаган, Бачу нарын цэргийг Ираны өндөрлөгт байлгаж хүйтнээс дайжуулах бодлого барив. Мөн аль болох цаг нөхцөөж монголчуудыг залхаахыг зорив. Гэвч Хүлэг өвлийн хүйтэн, цайз бэхлэлтийг үл тоон тэвчсээр эцэст нь бага багаар сэтгэхүйн дайралт хийж Хур шахыг буулгаж аваад бусад хотууд руу нь бууж өгөх тушаал буулгуулснаар цэргийн хохирол багатай өнгөрчээ. Цэргийн хоол хүнсийг Гүрж, Армян улсуудаас татаж байв. Нийслэл Аламутыг нь эзэлснээр 172 жил /1084-1256/ оршин тогтносон Исмайлитын улсыг ниргэж Армян, Гүржид төвтэй Ил хаант улсыг байгуулав. Ингэж лалын дайсныг дарж, Иракыг эзлэхэд ар талаа бататгаж чаджээ. Исмайлит лалын ертөнцдөө ганцаардаж, дотроо хагаралдаж, худалдааны замыг тонодог байснаас бусдын дургүйцлийг төрүүлж байсан учраас хялбар ялагдсан юм. Энэ дайны үеэр Хүлэг хан Азид төдийгүй Европт алдаршжээ. Хүлэгийг Багдадын Халифт /Ирак/ очиход Африк, Европ дахь эзэмшил нутгаа алдсан Рум, Перс, Керман зэрэг вассал нь Монголын мэдэлд орсон, Халиф нь зоргоороо, сайдтайгаа зөрчилддөг, самуун ихтэй орон байв. Персийг дайлахад холбоотноор оролцоогүй гэдгээр шалтаглан 1257 онд тус муж улс руу довтлов. Үнэн хэрэгтээ монголчууд хилээ Сахар хүртэл өргөтгөх бодлого нь Халифтайгаа таарамжгүй Алхамия сайдын Халифаа унагах гэсэн хүсэлтэй давхцаж байв. Хүлэг лалын нийслэл Багдадын хүчийг их гэж бодон, олон тагнуул суулга, мөн Алхамия түүнд улсын зэр зэвсэг, эдийн засгийн талаар мэдээлэл өгснөөр өөртөө итгэн давшжээ. 1258 оны 2-р сард Багдадыг нэгмөсөн эзэлж, Халифийг садангуудынх нь хамт хороож ингэснээр несториан-христ шашинтныг 600 гаруй жил дарлаж байсан Арабын эзэнт улсыг мөхөөж, Загалмайтнуудаас талархалыг хүлээжээ. Буцах замдаа Азербайжаныг чичрүүлж, хүч сэлбэн 40 түм цэрэгтэй болжээ. Багдад эзлэгдсэний дараа лалынхны хоргодох газар нь Бобидын хаант улсын вассал баян тансаг Египет орон болов. Хүлэг хан Египет рүү довтлох гэж байтал Мөнх хаан таалал төгсөж, нутаг буцахаас өөргүй болжээ. Египетийн мамлюкууд хүчирхэгжин монголын эзэмшил христиануудад халдаж эхэлжээ. Ингэснээр Ойрхи дорнодод загалмайн шашныг сэргээх гэсэн Ази, Европын санаархлыг зогсоож энэ бүс нутгийг бүрэн лалчлав. Энэ дайнд монголчууд шашны зөрчлийг зөв ашиглаж, дипломат аргаар төрийн зүтгэлтнүүдийг талдаа татаж, лалын дайсан Исмайлитыг дарж суннит лалын төв Багдадыг унагаж, Сирийн шийтүүдийг баярлуулж зэвсэггүйгээр дагуулж чаджээ. Дорнод Европыг төвшитгөсөн нь Харлуг /Ижил мөрний чанад тал дахь үндэстэн/, Гуз/туркмен/, Алан /кавказад нутагладаг перс овогтон/, Черкес /кавказад нутагладаг суннит лалчууд/, Хибчаг /хүннүгийн удам Чумугань, Харлуг, Хибчагаас бүрдсэн дорнод Казакстан, Эрчис, Днепр мөрнөөр нутагладаг ард түмэн/ овог нүүдэлчин аймгууд, Хар тэнгисийн сав, Оросын өмнөд тал өнөөгийн Халимагийн нутгаар нутаглаж Орос, Визант тэргүүт суурьшмал орнуудын гар хөл, хилийн манаа болж, заримдаа тэдний турхиралтаар хоорондоо тэмцэлдсээр бутран цөөрч их үндэстэнд уусан, нэгдсэн төр тогтоож чаддаггүй байжээ. Эдгээрээс 12-р зуунд арай нөлөөтэй байсан нь Хибчаг бөгөөд 1208 онд зугтсан Мэргидэд тусалснаараа монголын довтолгооныг өөртөө чиглүүлж 1216-1238 оны хооронд 6 удаагийн тулаан хийж мөхсөн байна. Түүнтэй хаяа дэрлэсэн жижиг аймгууд ч монголд эзлэгдэж, оросын жийргэвчүүд сөнөснөөр монгол баруун, баруун хойгуураа шууд оростой хиллэх болов. Хибчаг нь 4 км/цагийн хурдтай хөллөсөн тэрэг, бэхлэлтгүй хашаа хороо, нуугдах ойгүй мөн хүн ам нь хэтэрхий тархай суурьшснаас болж ялагджээ. Орос, Хибчагийг Калкад бут цохисон Зэв, Сүбээдэйн цэрэг Зүчийн улсын хойд, баруун хойд, хилийг тохинуулан, торгоны зам дайран өнгөрдөг Булгар хотыг эзлэх, Хибчагуудыг өмөөрсөн оросын хилийг цэвэрлэх зорилгоор Ижил мөрөн тийш эрэгж, 1223-1234 онд Башкирыг /Унгар/, 1236 онд Булгарыг /Ижилийн Булгар/ эзэлснээр Буртас, Саксин, Мордов аймаг угсаатныг гартаа оруулав. Ингэснээр Оростой шууд хиллэх болов. Хойд мөсөн далайгаас Хойд кавказ, Ижил мөрнөөс Днепр, Висла хүртэл нутагтай 6 сая хүн амтай Орос орон Мстислав вангаас /1125-1182/ хойш 10 гаруй вант улсад задарч, дотоодын хямралтайн сацуу Герман, Швед, Дани зэрэг орны өнгөлзлөг дор оршин байлаа. Өмнөд хотууд нь шороо, модон муухан хэрэмнүүдтэй 15 орчим түм зэвсэг муутай цэрэгтэй ядруухан орон байв. Монголчууд Днепрт тулаад Хибчагийн хаан Котянийг мөшгиж Оросод 10 элч зарж өөрсөдтэй нь байлдах санаагүй, гагцхүү эртний дайсан Хибчагаа хамтарч цохих санал тавьжээ. Оросууд элчийг алж, монгол цэргийн алгинчийг хороож цэргээ Днепр рүү хөдөлгөжээ. Зэв, Сүбээдэй нар дахин элч илгээхэд алаагүй боловч тулалдах шийдвэрээ өөрчилсөнгүй. Орос, Монголын дайныг А. Калка голын тулалдаан /1223/ Б. Бат Орос орныг дайлсан нь /1237-1240/ гэж авч үзвэл зохино. Хибчагийн Котян хаан 1222 оны сүүлээр Галигийн ван, хүргэн Мстислав Удалайд очиж, Чингисийн дайны мэдээг хүргэснээр орос орон дайн бэлдэв. 1223 онд вангууд зөвлөлдөж Киев, Чернигов, Волынь, Новгород, Смоленскийн вангууд дайнд оролцохыг дэмжиж Днепр гатлах завь бэлтгэж Оросын мөн Хибчагийн 8 түмэн цэрэг бэлтгэж Галичийн ван толгойлох болов. Галич, Волыний вангууд Котяны цэрэгтэй нийлж Днеприйн адагт монголын цэргүүд рүү цохиход тэд Калкад буй Зэв, Сүбээдэйн гол цэрэг рүүгээ зугтан 1223 оны 5-р сарын 31-нд ширүүн тулаан болжээ. Ингээд вангуудыг удаа дараа цохив. Энэ тулаанд Оросууд 3 дахин их цэрэгтэй хэрнээ ялагдсан нь тэдний зөрчил, цэргийн нэгдсэн удирдлага сул, Хибчагууд замаас зугтсан зарим хэсэг нь монголд урвасан, мөн тэд монгол цэргийн тактик бүү хэл, татар гэж эндүүрч байсан төсөөлөлтэй нь холбоотой. Энэ тулааны дүнд монголчууд Крымын худалдааны боомт Судакийг авч, Крымын арлаар дамжин Генуэзчууд, Венецчүүдтэй харьцах болжээ. Желал Аддиныг мөхөөж Бага Ази, Кавказ тогтворжиж, Алтан улсыг мөхөөснөөр зүүн хил хатан гол хүрч, 1223 онд Зэв, Сүбээдэй нар Каспйг тойрч 20 гаруй улс үндэстэнтэй дайтаж тагнаж бэлтгэлээ хангажээ. Бат 5 түм монгол, 7 түм турк болон бусад угсааны цэрэг авч эхлээд зүүн хойд орос, дараа нь Крым эцэст нь хамгийн иүчтэй гэж тооцсон Киев рүү довтлох болж, намаг шалбааг хөлдөх өвлийн цагаар /1237/ бэхлэлт муу зүүн хойд оросын Рязань, Коломна, Владимир, Сито, Козельскийг эзлэв. Ингээд 1238 оны зун, намар Донец, Донын завсарт амарч найрлав. Энэ хооронд бослого гаргасан Черкес, Хибчагийг номхотгож араа бэхлээд, өвөл нь Переяславль, Чернигов, Киевийг эзэлжээ. Харин баруун, баруун хойд талын Новгород, Псков, Витебск, Полоцк, Смоленскэд хүрсэнгүй. Оросын вагууд Унгар, Польш, Францад элч илгээж тусламж гуйсан ч, удаа дараа босон тэмцсэн ч нэмэр болсонгүйгээро үл барам Төв Европт монголын түрэмгийллийг чиглүүлжээ. Өмнөд Оросынхон 1258 онд цэрэглэн боссон ч дарагдаж Орост монголын ноёрхол тогтов. 1242 онд Бат Ижил мөрний эрэгт Сарай хотыг байгуулав. Оросууд эргэн тойрны “жийргэвчүүдийн” ачаар 100 жил шахам гадагш дайтаагүй, дотооддоо л хэмлэлдэж, тархай байсан явдал, мөн ван, хамбууд нь хотоосоо зугтаж, зэвсэггүй шахам иргэд хамгаалж байсан нь монголын 3 фронтоос хамгийн хохирол багатай ялалтыг авчирсан юм. Баруун Европт довтолсон нь 12-13-р зуун, 13-р зууны эхэнд баруун Европ бутарч байв. Визант гүрэн унаж Испани, Итали, Португали, Польш, Норвегид иргэд нь 2-3 хэсэг болон тэмцэж байв. Төр сулрахын хэрээр шашин өргөжиж пап 3-р Иннекентийн эрх туйлдаа хүрч Загалмайтны аян дайн нэрээр Европыг сульдааж байв. Өмнө, зүүн зүгийн загалмайтны дайнаас гадна Европчууд хоорондоо тэмцэж байв. Германы рыцариуд худалдааны хот Миланыг, Унгар, Польш Оросыг цохиж байв. Сүм хийд нөлөөгөө өргөжүүлэх, феодалуудад толгой даах оролдлого гаргаж улс тэр, эдийн засгийн хувьд Ази, Арабаас илт хоцрогдсон байв. Зарим газар гар урлал, үйлдвэрлэл хөдөө аж ахуйгаас салаагүй хотжилтгүй байв. Загалмайтны дайн, хоорондын болон дотоодын тэмцэл нь рыцарийн сүрийг унагаж эдийн засгийг туйлдуулжээ. Энэ үед монголчууд Унгарт довтлов. Энэ нь дараахи үндсэн шалтгаантай. • Хибчагийн хаан Котяны 4 түм иргэдийг католик шашинд орох болзолтойгоор орогнуулж, мөшгиж очсон Батын элчид хариу өгөөгүй. • Оросын зугтсан вангуудыг орогнуулсан. • Хибчагуудыг хядсан нь цагаатгах шалтгаан боловч, монголын олон элчийг алсан • Европчууд монголын эсрэг нэгдсэн хүч гаргаж чадахгүй нь монголчуудыг зоригжуулсан хэрэг болжээ. Мөн хятадтай байлдахад араа аюулгүй байлгах зорилгын нэг хэсэг юм. Монголчууд тагнах ажиллагаа явуулж, Оросын зарим тайжтай цэргийн гурил будааны гэрээ хийж, өвлөөр байлдахаар төлөвлөж, 4-р Белад элч илгээлээ. Харин Европ нэгэнт нэгдмэл бус учир пап Юлиан гэгч элч илгээснээр өөр юм хийж чадалгүй бүх хариуцлагыг Унгарт үлдээж суув. Унгар нь Хибчаг, Оросын дэмжлэг авна хэмээн итгэсэн нь талаар болж Орос дорхноо цохигдов. Ингээд Карпатын уулсдаа найдаж, элчийг алж зүрхийг нь мохоох гэсэн оролдлого нь бүтэлгүйтэв. Бат, Сүбээдэй жанжид 1241-1242 онд 2 хүрэхгүй жилд Польш, Румын, Словак, Чех, Югослав, Серб, Хорват, Болгар улсуудын оршиж байсан Унгар, Польшийн төрийг унагажээ. Монгол цэрэг Адриатын тэнгис хүрэхэд Германы ван монголтой эвтэй байхыг хичээж, пап түгшин монголын эсрэг босохоор оросын зарим вантай сүлбэлдэж, Англи айсандаа бүх замаа хааж байв. Францын 4-р Луй 1248 онд Египетэд цохиулаад лалын эсрэг монголтой эвсэхийг хичээж байв. Унгар, Польшийг эзлээд Бат буусан нь хибчагийг мөхөөх зорилго биелсэн, Өгөөдэй хаан таалал төгссөн, эх орноос хол цөөн цэрэгтэй байх нь аюултай байсан. Орост бослого гарах төлөвтэй байсан учраас ардаа санаа зовсон ерөөс Евразийн өргөн талыг эзэлсэн түүнд, тарчиг Европ суурин иргэншил эв дүйгүй цэргүүд хэрэггүй байснаас шалтгаалсан юм.


Comments


Бичлэг: 10 » Нийт: 22
Өмнөх | Дараагийн


Ирэх цагийн төлөө бүхэнийг тэсч хүчирхэг хэвээрээ үлд

Сүүлийн бичлэгүүд

. xoorxon bgazdee
. хаад
. Асуулга
. Хубилай хаан
. Чингис хааны онгод
. Юан гүрэн ярилцлага
. Хубилай хааны япон руу хийсэн дайралт
. Умард Юань сэргэн мандалт
. Умард Юань
. Их Монгол улс болон Юань гүрний үеийн дайн тулаан
. Яамэний тулалдаан
. Юан улсын судар
. Их Юан гүрэн мөхсөнөөс хойших дайн тулаан
. Их Юань улсын мөхөлд буддизм нөлөөлөх нь
. Их Юань улсын газар нутаг хил хязгаар

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. Их мэдэгч
. Бичлэг дуу
. Танилууд

Найзууд

. ful

Зохиогчийн эрх

© maylo

idiomatic-dormant