20 жил тэмцсэний дүнд 1368 онд Хятадад Юан гүрний ноёрхол унаснаас хойш Тогоонтөмөр хаан Хятад руу Төгстөмөр жанжинг илгээсэн боловч цохигдсон байна.
Аюушридар хааны үед Мингийн хаан Чжу Юаньчжан Монголыг бутаргах элдэв арга сүвэгчилсэн ч бүтэлгүйтсэн учир 1372 онд 3 замаар 15 түм цэргийг Монгол руу илгээжээ. Гэвч Сюй Дагийн Хархорум руу довтолсон гол цэрэг, Ливэньчжуны удирдсан Инчин рүү довтолсон зүүн замын цэрэг, Фэн Шингээр удирдуулан Ганьсуд довтолсон 3 замын цэргийг нутгийн гүн рүү оруулан цохисноор 1378 он хүртэл дайн түр зуур зогссон байна.
Харин Төгстөмөрийн үед дайн дахин дэгдэж 1380 онд Хятадууд Хархорумыг эвдэлжээ.
Элбэг хааны үед Ойрад, Монголын харьцаа хурцдаж эхлэв. Хятад голчлон зүүн монголд довтолж байснаас Зүүн монгол суларч, Ойрад хүчирхэгжиж байлаа. 1414 онд Мингийн 50 түмэн цэрэг Ойрад, Монголын хоорондох дайнд Монголын талд байлдаж ялж байсан нь Мингийн салган бутаргах бодлогын нэг илрэл байлаа. Үүний дараа Тайсун хаан, Эсэн тайш нарын Мингийн хоригийг үл харгалзан Эсэн тайш худалдаачиддаа Их хэмжээний барааг бэлэг болгон явуулж оронд нь нууцаар зэр зэвсэг авдаг байжээ. Мөн Мингийн хил орчмын цэрэг ардтай мориор зэвсэг солин наймаалдаг байв. Мингийн худалдааны хоригийг эсэргүүцэж 1449 оны 7-р сард монголын 4 замын цэрэг Тайсун, Эсэн, Алчу, Алага нарын удирдлагаар Минд халдсан байна. Мингийн 4 түм цэрэг сарын дотор л ялагдал хүлээсэн байна. Иймд Ин Цзун хаан ордны тайган Ван Чжэний ятгалгаар 50 түм цэрэг дайчлан дайнд морджээ. Ингээд түүхэд Түмүгийн гэж нэрлэгдсэн тулаан эхэлсэн байна.Түмү нь Цавчаалаас Сяньфу, Датун орох чухал боомт хот байлаа. Энд Ин Цзун хааныг 2 өдөр усгүй бүсэлснээр төвөггүй буулган авч хааныг нь олзолсон байна. Энэ тулааны гол зорилго нь Их Юан улсыг дахин сэргээх явдал байлаа. Энэ дайнаа хойш Монгол Мин улс 2-н хооронд том дайн болсонгүй.
Харин Дотооддоо зөрчилдсөөр Батмөнх Даян хааны үе хүрсэн байна. Батмөнхийг хаан суусны дараа түүний хатан Мандухай Ойрад руу 2 удаа цэрэглэн буулган авсан гэдэг. Дотоодын самууныг дарахын тулд Исмайл, Ибэрэй, Мандулай, Ахалхуг удаа дараалан цохижээ. Мөн 1508 оны үед Монголжин (Түмэд) аймгийг буулгажээ. Хожим урианхайн 3 харуулыг эрхэндээ авснаар дотооддоо “гар газар, хөл хөсөр” болгожээ.
Батмөнх хааны үед түүний шууд харъяаны 10 түм цэрэг нь Цахар, халхаас бүрдэж байв. Ойрадуудтай эвтэй байж харилцан нэгэндээ дэмжлэг үзүүлж байснаас 1491 онд хамтарсан хүчээр Дойн харуулыг авсан, 1493 онд Ойрад хятадад довтлоход 60 мянган цэргээр тусалсан. Мин улс Ордос руу 5 чиглэлээр залхаан цээрлүүлэх довтолгооныг 1500 онд хийснээс өөр дорвитой хөдөлж чадсангүй.
Түүнээс хойш 16-р зууны дундуур Түмэн, Алтан нарын үед Мин нь өмнөд монголтой дотно харьцаж байсан учир Алтан Хөх нуур, Уйгур улмаар Түвдэд санаархаж байжээ. Мөн Мингийн хилд үе үе довтолдог байв.
Гэвч эдгээр дайн довтолгоон нь 13-р зууных шиг байлдан эзлэх биш харин Мингийн эдийн засгийн хавчлагын эсрэг чиглэсэн зорилго шалтгаантай байжээ.
Бутралын үед цэрэг-захиргааны зохион байгуулалтад гарсан нэг том өөрчлөлт нь мянгат, зуутын систем үгүй болж оронд нь отог, хошуу гэх мэт шинэ нэгж бий болсон явдал юм.
Нийт улсын цэргийн хувьд улсын хаан ба түмний хаан тус тусдаа цэрэгтэй байжээ. Жишээ нь: Алтан хаан 3 түм цэрэгтэй байжээ. Хааныи зарлигаар хан нь цэргээ авч дайтах ёстой ч хааны хүч сул үед зарлигийг ойшоохоо больсон байна.Юан улс мөхсөний (1368) дараагаар Монгол нь дэлхийн бусад оронтой эдийн засаг, соёлын талаар харилцаа эрс суларчээ. Энэ нь Монголд улс төрийн бутрал эхэлсэнтэй холбоотой байв. Хэдий тийм боловч Монголын их хаан болон ханлигийн эрх баригчид зэргэлдээ улс гүрнүүдтэй тусгаар нэгэн улсын ёсоор харьцсаар байсан бөлгөө.
Улс төрийн бутралын үед дайн ба найрамдлын асуудлыг улсын хаан ба ханлигийн хан, ноёд бие даан шийдвэрлэж байлаа. Дайн зарлах хийгээд найрамдал байгуулах асуудлыг шийдвэрлэх төрийн дээд эрхийг тийнхүү том язгууртнууд дур мэдэн өөртөө авч, улс орны дотоодын хямрал гаргах, гадаад улсад өөрсдийн дураар довтлон орж, гадаад байдлыг хэврэгшүүлж байсан байна. Үүний уршгаар улсын дотоод эв нэгдэл задарч, харь улс орнуудаас түүний дотоод хэрэгт хутгалдан оролцох бололцоог олгож байжээ. Дотоодын нэгдэл түр сэргэсэн үед энэхүү асуудлыг хаан хяналтандаа авч язгууртнуудаас дур зоргоор аашлахыг зогсооход ихээхэн анхаарал тавьж байжээ.