Хубилай, Аригбөх нарын тэмцэл
Мөнх хааны дараагаар Тулуйн хүү Аригбөх, Хубилай хоорондоо хаан суухаар тэмцэлдэж эхлэв. Аригбөхийн хувьд бол Мөнх хаан Сүн улс уруу дайтхаар мордохдоо өөрт нь Их хааны эрхийг үлдээгээд явжээ. Иймийн тул 1260 онд Хархорумд чуулсан Их Хуралдайгаар хуралдаж олонхийн дэмжлэгээр Аригбөхийг Их Хаанаар өргөмжилжээ.
Үүнийг сонссон Хубилай 1260 оны хавар хаан өргөмжлөх хуралдайг хүний нутагт буюу Кайпин хотод хаан өргөмжлөх эрх бүхий алтан ургынхан бараг байхгүй байхад яаруу сандруу Их хаанд өргөмжлөгджээ. Үүнийг мэдсэн Аригбөх түүнд элч илгээн "ёс бусаар хаанд өргөмжлөгдөв" хэмээн зэмлэсэн байдаг.
Аригбөх 1260 оны намар их цэргээр Хубилайн эсрэг хөдөлсөн боловч Хубилай түүнийг тосон дайрч, их говьд ширүүн тулаан болж Хубилай Аригбөхийн цэргийг хиар цохисноор барахгүй Хархорумыг хүртэл эзлэн авав. Аригбөх дахин цэргээ цуглуулж хоёр дахь удаагаа довтлохдоо Хархорум хотыг буцаан авч Кайпин хотыг зүг хөдлөв. Энэ дайралт ч мөн амжилт олоогүй ба Аригбөх Хархорумыг орхиж явав.
Үүний дараа мөн хэд хэдэн удаа Хубилайн эсрэг цэрэг хөдөлгөсөн боловч амжилтгүй байсаар Аригбөх туйлдаа хүрч ялагдал хүлээжээ. Аригбөхийн амийг Хубилай хэлтрүүлсэн боловч 1266 онд өвчнөөр нас баржээ.